Pages

Saturday, February 7, 2026

Бяцхан улс төр

 Бараг анх удаа амьдралын туршлага заачих шиг болсон. 

Бид анх 14-лээ ажилд орсон. Эхний нэг жил дуусахаар дундаасаа нэгнийгээ даргаар сонгох дүрэмтэй аж. Тэр ажлыг хиймээр хүн байвал саналаараа хийх хүсэлтээ гаргаад бүгд тэр хүнийг зөвшөөрөх үгүй дээр санал аваад, эсвэл дундаасаа нэгнийгээ сонгох замаар шийдэх хэрэгтэй гэж би бодож байлаа. Тэгэхгүй бол хүчээр нэг хүний нэр заана гэсэн социализм шиг юм яриад би бүр гайхаад үгүй байлгүй дээ гэж бодож байсан юм. Гэхдээ нээх зааж сургаад дэмий гэж бодоод залуус яахыг ажиглахаар шийдсэн.

За тэгээд саналаараа хийх хүн заасан хугацаанд байдаггүй, хэнийг сонгох вэ гэдэг дээр санал хураалт явуулж байх үед, нэг нөхөр хийх хүн олдохгүй бол би хийсэн ч яахав гэж энгийн сонгуулийн дүрэм зөрчив. Эртхэн хэлээд өөр дээрээ санал хураах боломж байсаар байтал гэж бодоод гайхсан. Тэгэнгүүт нэг хэсэг нь ашгүй тэр хийх нь гээд, нэг хэсэг нь энэ хүнээр хийлгэмээргүй байна гэж бодсон уу саналаа өгөхөө байчихсан. Хийж ядах юмгүй ажил, хэн ч хийж чадна, гол нь бүгд санал нэгтэйгээр эсвэл олонхийн саналаар нэгнийгээ сонговол шударга гэж бодож явсан би тэсэлгүй үглэчихсэн. Хаа газрын сонгуульд нэр дэвшигч сурталчилгааны үеэрээ өөрийгөө сурталчилдаг, санал хураалтын үеэр бүгд таг дуугүй байх үүрэгтэй, сурталчилгаа хийвэл дүрэм зөрчсөнд тооцоод тэр хүн сонгуулиас хасагдах хүртэл арга хэмжээ авдаг. Тэгтэл санал хураалтын дундуур ам нээлээ, тэрийг сонсоод бүгд саналаа өгөхөө байлаа. Бүгд л хэн ч хийсэн яахав гэж бодож байгаа чинь үнэн юм бол тэрийгээ илэрхийлээд олон санал авсан нэгэндээ саналаа өгөөд асуудлыг шийдэх юман дээр цаг аваад нерв бараад гээд. Насанд хүрсэн, бие даасан байж санал өгөх ёстойгоо ухамсарлах хэрэгтэй гээд хэлээд хаясан. Бүгд тиймээ л гээд хөөрхөн үгэнд орсон. Зарим нэг нь ухаалаг утсаа гэртээ харихаараа оролддоггүй энэ тэр гээд бас саналаа өгөөгүйгээ зөвтгөх гээд, би тэгэхээр нь бид хоорондоо энэнээс өөр аргаар холбогдох аргагүй юм чинь өдөрт ядаж нэг удаа утсаа шалгаж бай гээд. Надтай санал нэг байсан залуу за та нар боль, байнга л утсаа оролддог байж гэнэт утасгүй юм шиг зан гаргалаа гээд бас тэсэхгүй хэлж байсан. Бүх хүний санаанд 100 хувь таарах зөв юм ярьсан гэж хэлэхгүй ч ердөө зарчим ярьсан. 

Дахиад хамтдаа жил гаран байх тул, иймэрхүү асуудал гарсан үед заавал ярилцаж байж шийдэцгээхээр тохирсон. Энэ нэг ядаргаатай юм гэсэн байдлаар хандаад зайгаа барьцгаагаад унах болов уу гэж бодож байтал гайгүй бүгд хэвэндээ. Ирээдүйд нь хэрэгтэй юм даа, өнөөдөр энд сонгууль болж байгаа болохоор өчүүхэн ч гэсэн нөлөөлөх болов уу гэж санаад. 

No comments:

Post a Comment