Үнэндээ миний амьдралд тохиолдсон энэ богинохон хугацааг бэлэг хэмээн бодож аль болох үр бүтээлтэй, утга учиртай өнгөрөөхийг илүүд үзэж, хань үр хүүхдээсээ хол байгаадаа эмзэглэхгүй байгаа. Мэдээж анх сэтгэлийн мухарт өөрийгөө хариуцлагагүй, гэр бүлээ орхиод, хамаг зүйлийг ханьдаа даатгаад гэх мэт өөрийгөө буруутгах бодол салж өгөхгүй байсан. Гэхдээ нэгэнт л шийдээд ирсэнээс хойш, хамаг юмаа хаяад буцахгүйгээс хойш, сайн зүйлсийг олж харж өөдрөг байхыг илүүд үзэж эхэлсэнээс хойш хавьгүй амар болсон.
Өөрт гарч буй эерэг өөрчлөлтүүдийг бичээд явнаа.
1. Эрч хүч ихтэй болсон. Нэгэнт л хамт биш болохоор гэр лүүгээ хий хоосон санаа зовохоо болиод, өөртөө харамгүй их цаг гаргаж, тэр хирээр эрч хүчээр дүүрэн байгаа. Хамт ажиллаж байгаа залуусаасаа илүү л гарна уу гэхээс биш дутахгүй. Залуустай хамт ажиллах угаасаа сайхан, нээх хүндлээд насны зөрүүтэй гээд зай барихгүй, үеийн юм шиг л арзаганалдаад, тэгээд эндхийн залуус монгол залуусаас өөр, бүгд л мэдлэг оюун ухааныг илүүд үздэг, ярилцахад сайхан, ичиж зовохгүйгээр мэдэхгүй бол мэдэхгүйгээ хэлээд мэддэг нь зааж өгөөд, бас ууж идэх үедээ ууж идээд, тэрийгээ сайхан тааруулаад явна.
2. Өөрийгөө хөгжүүлэх том боломж. Ажлаа тарж ирээд дуртай зүйлдээ хангалттай цагаа зориулж байгаа болохоор уншиж судлах зүйлдээ, хийж үзмээр, явж үзмээр газраараа дураараа явж байна. Дасгал хөдөлгөөн гээд бие хаа гоо сайхандаа илүү их анхаарч байгаа. Бас хэлээ сайжруулах алтан боломж.
3. Шинэ үүд хаалга. Шинэ газар, шинэ танил, шинэ найзууд гээд хүрээгээ тэлж өгч байгаа. Дараа дайраад ирэхэд, юмыг яаж мэдэхэв суурьшихаар ирж болох сонголтуудын маань 1 болсон. Хойд нутгийн хүмүүс маш халуун дотно, хүн чанар нь зүгээр үнэртэнэ гэж мэд. Токио тэгж байгаад бас л худлаа инээсэн хүйтэн хүн ихтэй шүү дээ. Угаасаа анзаарагдаад, сондгойроод бүх л хүн нэрээр минь дуудаад энэ хавьдаа л олны танил гэж мэд. Пиглет гээд л сүйд болдог юм. Хамт ажилладаг залуус маань хүртэл хөөрхөн. 7 хоног амралтаа аваад Токио орчихоод ирэхэд л саначихна, араас хэзээ ирэх билээ гээд ээлжлээд бичилцээд, ирэнгүүт хамт хоол идэх, уулзах хүсэлт ар араасаа цувраастай.
Гэхдээ гэр бүл минь байхгүй бол энэ бүх зүйл утга учиргүй билээ.
No comments:
Post a Comment