Pages

Thursday, January 8, 2026

Нэг үз

 Шинэ он. Оны өмнө гайхмаар зүйл болсон хэхэ. 

Өнгөрсөн жил шинэ хамт олон дунд орлоо. Мэдээж хайр дурлал өрнөөд, дундаасаа хосуудтай болсон. Тэр 2-ын хайр дурлалын эхлэлийг сайхан ажиглаад л явж байсан хүний хувьд хамгийн түрүүнд мэдсэн хүний нэг нь би. Өнгөрсөн сард том охины төрсөн өдөр болоод LINE-р охиндоо баяр хүргэхээр ортол өнөө хосын залуугийх нь төрсөн өдөр бас болж таарав. Баяр хүргээд охинтой минь ижил өдөр төржээ гээд өнгөрөв. Оны сүүлээр бөөндөө уулзаад төрсөн өдрөөрөө гоё бэлэг авсан уу гээд залуугаас асуугаад ямар бэлэг авсаныг нь бас зөв таагаад, тэгтэл найз охиных нь төрсөн өдөр бас ойрхон болдог, 2 биедээ адилхан бэлэг өгсөн гэхээр нь нөгөө бүсгүйгээсээ асуутал, гайхамшиг зүгээр. Бага охинтой минь адилхан өдөр төрсөн байж таарав. Олуулаа байсан бүгд гайхаад л, би миний хүүхдүүд гээд бөөн инээдэм болов хэхэ. Тэр 2-н төрсөн өдрийг мартахын аргагүй юм болсон. Залууд нь тоглоод л, миний хүүхдүүд ингээд байнга холбоотой байх хувьтай хүмүүс ажээ энэ тэр гээд хэхэ. 

Сүүлийн 2 сар ажилласан тасгийхантайгаа хуучин оноо үдэх баярт ороод. Би ер нь л хаа газрын томчуудтай ойрхон байж таараад байдгийн. Тэр дүрмээрээ суух суудлаа сугалаагаар шийдсэн чинь тэр тасгийн томчуудтай нэг ширээнд сууж таараад. Ярьж үзмээр санагдаад байсан нэг хүний яг өөдөөс нь харж сууж аваад, хүссэн юм хүзүүгээр ингээд ярь гэсэн шиг ярьж өгсөн хэхэ. Тэгээд БИНГО сугалаа болоод, 40 орчим хүнээс 8 хүнд өгөх төлөвлөгөөтэй байж. Нэгийг нь би зулгаачихсан, тэр тасгийн үндсэн ажилтан биш мөртлөө хэхэ. Дотор нь тай гээд загасны мах, шинэ ургацын цагаан будаа зэрэг нэг удаагийн тай загасаар хийж болох хоолны сет байсан. Хийж идсэн. Орц тун нь таараад, амттай байсаан.  

Гарчигийн тайлбар бол мянга сонсохоос нэг үз гэж юутай үнэн. Бас мянга харсанаас өөрөө нэг хийгээд үз гэж бодоод. Номон дээр л бичсэн байдаг, багш нарын амнаас л сонсдог зүйлсийг өөрөө харж, хараад зогсохгүй өөрөө хийж үзэж байна. Уншиж сонсохоос илүү нэг харвал хэзээ ч мартахгүй, хийгээд үзвэл бүр мартахгүй. Гарт ортол харин хугацаа, туршлага хэрэгтэй. Боломж бүрээр хангаж өгч байгаад талархаад л гүйж явна. 

Уур. Уур биеийг зовооно гэдэг дээ. Орчин үед уур гэдэг чинь шинжлэх ухааны нэг том сэдэв болсон. Бүрэн бүтэн биш ч нэлээд судлагдаад, уурлах арга барил, зөв уурлах гэх мэт зөвлөгөө маягийн зүйлс их гардаг болжээ. Ер нь уур чинь хүрвэл, ядаж 6 хором дуугүй байх хэрэгтэй. Тэр хооронд би яагаад уурлаж байгаа билээ, саяны болсон зүйл яагаад миний уурыг хүргэсэн билээ гэж өөрөөсөө асуу. Уур гэдэг бол хүний биед явагдаж байгаа зүгээр л нэг химийн урвал. Тэр урвал хэдхэн хоромын дараа дуусна. Тэр үед учиргүй уурлах хэрэггүй байж дээ гэдгээ сүүлд мэднэ. Хүнд уурлахдаа тэр өдрийн зан аашаа гаргаж болохгүй, муухай ааштай өдрөө дуугайхан байж сурах хэрэгтэй. Ажил дээрээ уурлаж байгаа бол хэн нэгний хажууд өөр нэгэнд уурлаж болохгүй, ганцаарчилж уураа гаргаад, ганц өөрт нь яагаад уурласнаа үндэслэлтэй тайлбарлаад, яах ёстойг нь зааж сургах ёстой. Хүнийг гадна төрх, байгаа байдлаар нь үнэлж, үгүйсгэж болохгүй. Муухай үг хэрэглэж болохгүй, зарчим л ярих хэрэгтэй. Адилхан алдаа гаргасан байхад нэгэнд нь уурлаад нөгөөг нь үлдээж болохгүй, ялгавартай хандах хэрэггүй. Нэг ийм сургалтанд суусан хүн надад зааж өгөв. Нээх хөөрхөн тэмдэглэл хөтөлчихсөн, тэрийгээ харж байгаад л зааж өгсөн. Хуучин ажлын багш маань 15 хором тэсэхэд болно гэж зааж байсан, тэсэх хором богиноссон болтой хэхэ. 

No comments:

Post a Comment