Pages

Wednesday, May 21, 2025

Ялгаа?

Амьдралын минь энэ бүлэг өөрөөсөө 10-20 насаар дүү залуустай хамт ажилласнаар эхэлж байгаа юм. Бас өөртэйгөө чацуу эсвэл дүү хүмүүсээр чиглүүлж, заалгуулж байгаа. Аль аль нь хөөрхөн хэхэ. Ховор боломж биш гэж үү. Өөрийнхөө хэмжээнд хичээж л явна. 
Насныхаа тоонд баригдалгүй, дотроос чинь зүгээр суулгахгүй чангаагаад байгаа хүсэл мөрөөдөл байдаг бол, санаанд чинь багтаж байвал зүтгээд үзэх хэрэгтэй биш гэж үү. 
Болгож бүтээх гэж оролдох ч үгүйгээр за за бүтэхгүй биз дээ гэж бодоод хойш нь тавиад хожим нь тэр үед зүтгээд үздэг байж гэж харамсаж сууж байснаас хийж үзчихээд алдаа гаргасан бол тэрийгээ цэгнээд сууж байх нь жаргалтай биш гэж үү. 
Мэдээж хэрэг хэт холын харь гарагийн, бүтэх магадлал байхгүй зүйлд хайран цагаа зарцуулах нь илүүц гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна. Санаанд нь багтаж байгаа, жоохон хичээвэл үзүүрээс нь атгаад авчих боломжтой зүйлийн төлөө бол зүтгээд үзэхэд илүүдэхгүй. 
Красота требует жертв гэдэг шиг, хүсэлдээ хүрсэн ч золиос мэт хэсэг гэрийхэнээсээ хол байх замыг сонгосон би хойд нутагт ганцаараа амьдарч эхэлсэн нь энэ. Харваас өөрсдөөс нь доод тал нь 10 насаар илүү байхад үеийн мэт харьцах хөөрхөн хамтрагч нар минь, харваас өөрсөдтэй нь ойролцоо насны хүн байхад дөнгөж төгссөн залуустай адилтган чам шиг залуу байхдаа гэж хөөргөнгөө зааж сургах мундаг багш нар минь. Ааштай, ууртай эсвэл эелдэг, найрсаг ямар л бол ямар хүнтэй эвээ олоод харьцаад сурчихжээ би нь, гээд өөрийгөө бас хальт магтаадхая. 
Сардаа нэг удаа ажлынхаа заваар бичлэг оруулж байнаа. 
Гарчигны хариу нь: Ялгаа байхгүй юм байнаа. Насны зөрүү, өөр улсын иргэн гэх мэт хэрэгтэй хэрэггүй зүйлд наашаа ирэхээсээ өмнө санаагаа чилээж байжээ. Насны ялгаа ч алга, өөр улс гээд дутуу эсвэл илүү харж байгаа ч юм алга. Хойд нутагт монголчууд зөндөө л байгаа байх, миний ажиллаж байгаа газар бол би анхдагч нь гэдгээ мэдэж авсан. Пиглет биш Монгол гэдгээр нь үнэлэх болохоор жинхэнээсээ хэд дахин илүү хичээж байгаа шүү. 


1 comment: