Pages

Wednesday, July 15, 2026

Агаар ус + шүүмж

 Эндхийхээр бол таг хөдөө ажиллаж байгаад ирсэн. Хальт бичсэн байхаа нээрээ.

Надад бол хачин сайхан байсан. Байгаль нь ярих юм биш. Уул ус модон дунд, 5 алхаад шахуу далайн эрэг. Бага насны зуслан шиг л санагдаад байсан. Оройдоо хав харанхуй, нам гүм. Эмэгтэй хүн ганцаараа зөв үедээ ирж дээ л гэж бодсон. Ядаж ажлаа тараад харьж ирэх хүртэл гэгээтэй, учиргүй хүйтэн тухгүй биш, яг сайхан тааруу, борооны улирал мөртлөө их орсонгүй, бас их халсангүй. Хөзөр мэддэггүй хүнд сайн мод ирдэг гэдэг шиг эндхийг мэдэхгүй би азтай байлаа. Залуу хүүхдүүд бол уйдаад сүйд болох байсан биз. Би яахав машингүй хүн нэг хүргүүлж очоод эргэж ирж авах хүртэл нь нам сууна гэж шийдсэн болохоор, угаасаа хийх юм, унших юм ихтэй байсан болохоор хагас бүтэн сайнгүй нам суусан. 

Гэж худлаа хэлээд яахав, бараг л бүх амралтын өдрүүдээр хамт ажиллаж байгаа хэдийгээ урин дуудаад, машинтай нь машингүйгээ суулгаад хөөрхөн над дээр ирцгээсэн. Хөл бөмбөг хамтдаа үзэж, далайн хоол хямд идэж, ойрхон уулын оргилд гарч, тэр хэсэгтээ далайн хамгийн зах ирмэгт очиж, загас хүртэл барих оролдлого хийсэн. Машины суудал хязгаартай болохоор, бас хоорондоо таарах таарахгүй гэх мэт асуудал байгаа болохоор хэнийг хэнтэй дуудах гэх мэт бас толгой гашилгаад, тэгээд яахав дээ ганц 2 хүн бас дуудагдаагүй гээд гомдол мэдүүлсэн хэхэ. Намраас бас өөр газар ажиллахаар явах юм тэр үед заавал очноо л гэж байсан, тэгээрэй л гэлээ. 

Энэ жил одоогоор учиргүй халж эхлээгүй л байна. Тэгж байгаад их халалт эхлэх биз дээ. ажил асуултгүй их талдаа, унших юм ихтэй. Ирэх жил ажиллах газраа сонгох барих гээд хийх юм, бодох юм, шаналах юм ихтэй байгаа. Намраас ажлаар эх орон руугаа нэг харих шинжтэй. Одоо хамт ажиллаж байгаа нэг залуу өөрөө зардлаа төлөөд хамт явья л гээд байгаа. Би ажилтай болохоор дагуулж ийш тийш явж чадахгүй, ганцааранг нь хаячих хэцүү, гайхаад л байна. 

Монголчуудтайгаа ажиллах гоё ч, бухимдах гээд байдгийн. Монголдоо байгаа юм шиг л аашлана шүү дээ энд ирчихээд. Амаа ангалзуулаад бохь зажлахыг нээрээ хашрааж өгөх юм, одоо больчих тэгэх үү гэж гуйх нь халаг. Хаана ч явсан байнга утсаа оролдоостой, зураг дараастай, камераа асааж байгаад чанга чанга утсаар яриастай. Монголд л ажил нүүр номоор явдаг байх, бусад газар бол албан ёсны цахим шуудангаараа ажлаа ярьдаг хэвээрээ шүү. Тэгтэл хариу өгөхгүй, холбогдохгүй, аргаа бараад би ойр дотны хүмүүстэйгээ л холбогддог нүүр ном хаягаа өгч холбогдохоос өөр аргагүй болж байгаа юм. Гадагшаа ажил алба ярих гэж байгаа бол цахим шуудангаа нүүр номоо шалгадаг шигээ ойрхон шалгаж байгаачээ гэж гуйя. Бас хамгийн чухал зүйл, хэл ус мэддэг хүнээ явуулаачээ, япон битгий хэл англиар ч хэдэн үг холбоод ярьчихаж чадахгүй хүн (бодвол дарга) ирэх юмаа, байнга яг тэр мэргэжлийх нь орчуулагч олдоно гэж байхгүй тул өөрийгөө баясгах, тэгсхийгээд болгох гэж битгий ирж байгаач, гуйж байна. Тууштай үргэлжлүүлээд ажиллах, эсвэл ядаж хэл устай хүнээ, яг таг ажлаа мэддэг хүнтэй нь явуулж байгаач. Ажлаа мэдэхгүй, 2 хүн ирээд 1 асуултанд 2 өөрөөр хариулаад байхаар чинь яах юм бэ. Үнэртэй усаа яасан ч их хэмжээгээр цацдаг юм, би нь харшилтай болохоор үнэндээ л үйлээ үзэж байж нэг юм ажлаа дуусгалаа. Аль аль талд нь эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй гэж дунд нь зовсоор таардаг болохоор тэсэлгүй үглэчихлээ. Мэдээж мундаг хүмүүс зөндөө л байгаа байх, гэхдээ л ингээд дээрхи юмнуудыг хараад бухимдаад байдгийн. Дэлхийн хүн болцгооё л доо тэгэх үү, хаана ч очсон орчиндоо тохируулчихдаг, ирэхээсээ өмнө очих газрынхаа тухай жоохон судлаад уншчихаад ирж байя. Ядаж олон нийтийн газар юу хийж болно болохгүйг нөгөө салдаггүй гар утсаараа хайгаад уншчихад л болно. Бүр болохгүй бол ойр тойрны хүмүүс яаж байна яг дуурайчихад л болно. 


No comments:

Post a Comment