Pages

Thursday, June 4, 2026

Нисч явна

 Пиглет хаана явна гэж бодож байна. 

Тэртээ 2011 онд гамшиг болоод одоо харин нөхөн сэргээгдээд танигдахын аргагүй болсон газар сар гаран ажиллахаар ирээд байгаа. Энэ газрын тухай мэдээнээс л хардаг байлаа, цунамид өртөөд юу ч үгүй болсон газар, юу ч болоогүй мэт амгалан бөгөөд тайван. Өглөө 6, өдөр 12, үдээс хойш 5, орой 9 цагт тосгон даяар ая явна. Оршин суугч нартаа цагийн баримжаа өгч байгаа юм болов уу гэж бодсон. Нэмээд өглөө 7 цагт, та бүхэн ажил сургуульдаа болгоомжтой яваад, замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиарай гэж бас хэлдэг. Ойрхон далайн эрэг байгаа, гамшиг бол мартах зүйл биш тул дурсамжийн төвтэй, тэндээ бүхнийг баримтаар харуулсан музей мэт. Би ч унаагүй болохоор энд ирээд ажиллах хугацаагаа дуустал хаашаа ч хөдлөхгүй санаатай. Мэдээж нийтийн тээврээр нааш цааш явж болох ч хоосон мөнгө үрээд хий дэмий явж байснаас эндээ сайхан тааваараа хийх юмаа хийгээд байхаар шийдсэн. Ажлаас унаагүй болохоор дугуй зээлэх үү гэхээр нь тэгье гээд ажилдаа дугуйгаар ирж очиж байна. Бараг 10 жилийн дараа дугуй унаж байна. Гоё нисч яваа.

5 сарын сүүлээр анх удаа Япон хүний хуриманд оролцож үзлээ. Насан туршдаа суралцана гэдэг шиг л шинэ соёл, шинэ бүхнийг гайхан барин суралцлаа. Эмэгтэй хүн бол хурим хийж байгаа сүйт бүсгүйгээс илүү гарч болохгүй тул цав цагаан даашинз өмсөх хориотой, эсвэл оршуулга шиг тас хар хувцас өмсөж болохгүй, бас мөрөө ил гаргасан ил задгай хувцас өмсөж болохгүй тул ихэнх бүсгүйчүүд торон энгэртэй эсвэл нимгэн нөмрөгтэй оролцож байсан. Би харин монгол дээлний загвар шингээсэн торгомсог материалтай бүдэг ногоон саарал өнгөтэй тал ханцуйтай даашинзтай оролцов. Хуриманд оролцохоор ирэхдээ үүдэнд хүлээн авч байгаа хүнд хуримын бэлэг болох дугтуйтай мөнгөө тусгай уут гэх үү даавуун цүнхнээсээ ёслол төгөлдөр гаргаж өгнөө. Энийг Япон ээжээрээ заалгуулаад дугтуйгаа хийх гаднах даавуун уутыг нь зээлж хэрэглэсэн хэхэ. Тэгээд хуримын ёслол болон цайллага аль алинд нь оролцов. Хуримлагч 2 маань ёслолдоо хүртэл оролцуулсан нь ихэд дотночилсон болтой. Уг нь гэр бүл ойр дотныхоо хүмүүсийг ёслолдоо уриад цайллаганд найз нөхдөө урьдаг болтой, ихэнхдээ. Бэлэг болгож өгөх мөнгө нь ихэвчлэн 30000 иенээс эхэлнэ. Шинэ төгсөөд ажлын гараа эхэлж байгаа хүмүүс бол 3 тоотойг, арай дотно эсвэл албан тушаал эсвэл насаар ахмад бол 5 тоотой гэх мэтээр нэмэгдээд (хамгийн эхний тоо сондгой байх ёстой) аав ээж хамаатан садан болон хар багын найз нөхөд гэхээр урьсан хүмүүс болон өөрийгөө үнэлээд өгөх мөнгөө, хийх дугтуйгаа сонгодог гэнэ. Би нь яахав Япон ээжийн зөвлөсний дагуу л хамаг юмаа заалгаад алтан дундаждаад өгсөн. Суух газар ширээг нь хүртэл төлөвлөөд өгчихсөн, ширээ бүрт гоё туузан дээр нэрийг нь бичээд бяцхан зурвас хүртэл бэлдсэн байсан. Хурим дуусахад цаасан ууттай бэлэг бас хүлээлгэн өгсөн. Хааяа хагас бүтэн сайнд гоёж гоодсон залуус бүсгүйчүүд бүгд нэг ижил гоёмсог цаасан уут бариад гудамжаар алхаж байдгийн учрыг олох шив дээ. Мэддэг байсан л даа, зүгээр өөрөө тэгж явж үзлээ л гэх гээд. Хамт ажилд орсон бүх хүн биш бидний 4-г урьсан болохоор тараад 4-лээ нэг газар хэсэг сууж байгаад харьсан. Хурим Токиод болсон болохоор далимдуулаад хэд хоног гэртээ амарчихаад буцсан. 

Хуримын дараа 7 хоногоос ийшээ нүүж ирсэн. Тэгээд л цаг хугацаа гэж нисэх юм гэж бодсон, бас би нь энд үргэлжлүүлээд нисч л явна. 

No comments:

Post a Comment