Булангийн өрөөний тагтны салхи. (Зун яагаад салхи байхгүй байсан юм бэ гэж гайхав)
Угаасан хувцас бараг л 5 хоромд хатаж байна даа. Сэрүүссэн чинь энэ нутгийн салхи нь хийсгэж хаячих гээд. (Гоё үнэртэй угаалгын бодисны үнэрийг хийсгээд хаячих юм даа. Угаасны хэрэг байна уу?)
Ажилдаа дассан, дадсан, гаршиж эхэлсэн, чаддаг болсон, итгэлтэй болсон. (Байнга л энэ чадах болов уу гэсэн харц, ажиглалт дунд. Чаддагаа нэг харуулчихад энэ нөхөрт найдаж болно гээд итгэл хүлээлгэтэл нь хичээж байгаа. Япон хүнээс ойлгомжтой товч тодорхой бичсэн байна гэж үнэлүүлэх шиг сайхан юм одоогоор алга)
Хамт олон, залуус миний суудлын ойролцоо л эргэлддэг. Пиглет минь чи бүхний хайрыг татаж байгаагаа мэдэж байна уу гэж нэгэнд нь хэлүүлэв. (Яг үнэндээ туршлага л даа. Залуус энэ 2 жилийн хугацаанд энэ хамт олон хичнээн чухал гэдгийг мэдэхгүй болохоор, тал тал тийшээ тарж явсаны дараа энэ 2 жилээ эерэгээр дурсаасай, дундаасаа битгий орхиж яваасай гэж хүсээд би аль болохоор нэгтгэхийг хичээж байгаагаа нуухгүй)
Ярилцлага өгөв. Мэргэжлийн зурагчин ирж зураг авав. Ичсэн. Удахгүй онлайнаар цацагдах л юм гэсэн. (Хүсэх юм биш, миний зан характерт тохирох эд биш байна лээ. Өөрийгөө магтан дөвийлгөж чадахгүй, өгсөн яриаг редакторлоод хачин мундаг амьтан шиг болгоод хувиргачихсан. Худлаа зүйл бол байхгүй л дээ. Зүгээр л үгний хүчийг ашигладаг юм байна хэвлэн нийтлэгч нар чинь. Эх хувийг гэрийхэндээ л уншуулсан. Бага охиндоо маш их магтуулсан, миний ээж гээд хүн болгонд гайхуулмаар болсон. Ээж ээ би хичээнээ гэсэн. Надад энэ л хангалттай)
Хуучин ажлын .. жилийн ойд уригдав. Амралтаа аваагүй байсан болохоор амрангаа оролцоод гэртээ хэд хоног амарчихаад ирнэ дээ. (2 жилийн дараа эргээд хуучин ажилдаа арай өөр түвшинд ажиллахаар дуудагдсан болохоор, бодож бодож тэр нь ч зөв байж магад гэсэн дүгнэлтэнд хүрсэн болохоор, бас хайртай багш нартайгаа уулзах нэг завшаан)
12 сард чухал хуралд гол дүр болно. Тэрэндээ бэлдээд ойрд ухаан алга. Хаанаас ч юм Пиглетийн ээлжийг тэсэн ядан хүлээцгээж байгаа тухай сонсоод улам тэвдэж байна. (Шинэ ажилчид 2-лаа хамтарч хариуцаж хийдэг юм байна. Миний хамтрагч түр өөр газар ажиллаж байгаа болохоор би гардан бэлдэж байна. Яагаад гэдгийг мэдэхгүй, дараа дараагийн ээлжний хүмүүс хүртэл Пиглетээр хянуулна гээд, би эхлээд өөрийнхөө ээлжийг даваадхая, тэрийг хараад хянуулах эсэхээ шийдээрэй л гэсэн)
Бүх юм нь амжилттай мундаг юм шиг харагдаж байна уу? Ард нь нойргүй шөнө, ганцаардал, өлсгөлөн ходоод, хааяа нэг санаагаар унах, Япон хүмүүс шиг хурдан уншиж чадахгүй байгаа өөртөө хатуурхах, нойр хүрэхгүй хөрвөөх, ханиа болон охидуудаа санах гэх мэт тэсч байгаа зүйлс нь их юм даа.
No comments:
Post a Comment