Нас яваад, хүүхдүүд томроод, гадаад төрх бас өөрчлөгдөж байгаагаас бусдаар
Багадаа, би яагаад БИ болж төрсөн юм бол? Би яагаад энэ айлын хүүхэд болоод төрчихөв, би яах гэж төрсөн юм бол гэж зөндөө боддог байсан. Одоо болтол бодсоор л байгаа. Одоо бүр олон асуулт нэмэгдсэн. Би яагаад энэ хүнтэй суучихав, би яагаад хүүхэд гаргачихав, би яагаад энд л амьдраад байна? Би яагаад энэ хүмүүстэй учрав? Миний БИ ЯАГААД гэдэг төрлийн асуулт бол хэзээ ч дуусахгүй. Хариултыг нь өөрөө хамгийн сайн мэдэж байгаа мөртлөө үргэлжлүүлэн асуусаар л байгаа хэхэ.
Амласандаа хүрдэг хэвээрээ. Чадна гэвэл чаддаг, чадахгүй гэвэл чадахгүй. Надаас ЗА гэсэн хариулт авсан бол найдвартай гэж боддог болтол нь би үгнээсээ буцаж байгаагүй. Буцахгүй. Эргэлзээтэй зүйл дээр бол хэзээ ч хэнд ч найдвар төрүүлэх хариу өгч үзээгүй.
Өөрчлөгдсөн юм бас байнаа. Өөрөө шийд гаргаад хийж эхэлсэн бол үг дуугүй болохоос болохгүй хүртэл оролдох. Дунд нь шантрахгүйн тулд аль болохоор өөрийгөө зугаацуулангаа ажиллаж сурсан. Сонирхолтойгоор, өөрийгөө залхаахгүйгээр, ядрахгүй ажилласан шиг ажиллаж сурсан. Өмнө нь өөрөө хүссэн мөртлөө дунд нь өөрийгөө хэт шавдуулж тэрэндээ өөрөө нервтээд байдаг байсан.
Байнга л хэн нэгний оронд өөрийгөө тавьж бодоод ойлгож хүлээж авдаг байсан бол одоо бүр улам л өрөвчхөн болоод байх шиг. Уурлаж бухимдах маань ч алга болж, уурлаад олигтой зүйл болохгүйг, өөрөө л нервтээд дуусдаг гэдгийг мэддэг болсон. Охиддоо аливааг загнаж зандарч биш эвтэйхэн тайлбарлаж хэлж ярьж ойлгуулахыг боддог болж. Ганц загнадаг юм нь хичээл, боловсрол, сурч мэдэх тал дээр л чи сурчихсан байхад чиний толгойг ухаж авч чадахгүй л гэж үглэдэг. Ойлгоогүй хичээлийг нь ойлготол нь зааж өгч давтуулдаг. Ээж заахаар боллоо гэвэл манай 2 энийг заавал ойлгох ёстой юм байна гэж мэддэг болсон гэсэн.
Айлын бага болохоор их л эрхэлдэг байсан байх, өөрийгөө эрх гэж бодож байгаагүй л дээ эгч нар эрхийн тэнэг гээд байдаг байсныг бодохоор эрх л байсан байх нь. Одоо бол ганц эрхэлдэг хүнтэй, мэдээж ойлгомжтой хань ижил. Аавыгаа өнгөрсөнөөс хойш ээждээ эрхлэж чадахаа байсан, эрхлүүлдэг болсон. Миний охин шиг л болсон ээж минь. Ээждээ л хамаг байдгаа хэлж ярьдаг, ховолдог, айлын эрх охин шиг байгаа муу ээж минь. Ээж минь бас над шиг ганц аавд л эрхэлдэг байсан байх, эрхлэх хүнгүй болчихсон болохоор би өөрөө эрхлүүлж байхаар шийдсэн.
За ингээд зогсохгүй бол дуулсан дуундаа уяраад гэдэг шиг сүүл рүүгээ өөрийгөө хямруулах юм болоод явчихлаа.
No comments:
Post a Comment